10 жилийн ой VMA e.v

Сайхан амарцгааж байна уу? Яг өнөөдрөөс 10 жилийн тэртээ Штуттгарт, Тюбинген хотын 10 орчим залуус санаа нэгдэн албан ёсны бүртгэлтэйгээр Баден-Вюртемберг мужийн Монгол Академчдын Холбоо нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Мөн оны 9 сард Штуттгарт хотын эргэн тойронд өсч бойжиж буй хүүхдүүддээ зориулан Монгол хэл, соёлын "Солонго" сургуулийг үүсгэн байгуулж ажилласаар 10 дахь жилийн нүүрээ үзэж байна. Энэ хооронд манай Холбооны зүгээс боловсрол, нийгмийн идэвхи, соёл урлаг, олон улсын хөгжлийн бодлого, тусламжийн хандив, Герман Монголын хамтын эдийн засгийн хөгжил гэх мэт салбарууд дээр олон үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн билээ. 10 жилийн турш биднийг бүхий л талаар дэмжиж байсан нийт идэвхитэй гишүүддээ, хамтран ажилладаг бусад холбоодын болон албан байгууллагуудын төлөөллүүддээ талархан "Сайн дурын үйлс ба бидний оролцоо" сэдвийн дор хамтдаа ойн баярыг тэмдэглэхээр бидний зүгээс албан ёсны урилга тараагдсан байгаа билээ. 
2019 оны 10 сарын 4-д Солонго сургуулийн нийт 10 жилийн тайлан, хүүхдүүдийн урлагийн мэндчилгээ болон уг орой нь урлагийн тоглолт болно. 
10 сарын 5-д манай холбооны зүгээс өдий хүртэл хийсэн үйл ажиллагаануудаа олон нийтэд дэлгэн танилцуулна. Мөн оюутан залууст зориулсан туршлага солилцох хэлэлцүүлэг, төгсөгчдөд болон академчдэд зориулсан санал солилцох хэлэлцүүлэг, хоёр орны хамтын бизнес эрхлэгчдэд зориулан Германд бизнесс эрхлэх боломжууд, Германаас Монгол руу чиглэсэн бизнесийн гарц боломжуудын талаар тус тус хэлэлцүүлэг өрнүүлээд орой нь хүлээн авалтын цайллагатай. Ирэх хүмүүсийн тоо гаргах, бусад зүйлсээ төлөвлөхөд нэмэр болох үүднээс урилга авсан гишүүд болон холбоодуудын төлөөллүүд та бүхнийг албан ёсны бүртгэлээ урилга дээр бичсэн зааврын дагуу хийлгүүлэхийг хүсч байна. Баярлалаа. 
Зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрэй.

© Verein der Mongolischen Akademiker e.V. 2009 - 2019